Translation queued

Automatic translation is scheduled. Check back soon.

Back to news
Мэдээ

АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

April 6, 20247 min read
2024 04 06

АХИСАН ТҮВШНИЙ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурлыг сургууль болон Багануур ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Багануур ХК-ийн “Алтан уурхай” их танхимд 2024-03-28 нд амжилттай зохион байгууллаа.

2024 04 062024 04 06a

Багануурын уурхай 1978 онд үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааны хувьд уялдаа холбоотой ажилладаг хоёр байгууллагын хамтын ажиллагааг 2023 оны 8 дугаар сард байгуулсан хамтран ажиллах санамж бичгээр эрчимжүүлсэн юм. Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал, ГУУС-ийн захирал К.Хавалболот нарын 2023.08.24-ний өдөр үзэглэсэн санамж бичиг нь геологи, уул уурхайн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, харилцан туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллах зорилготой.

Эрдэм шинжилгээний хуралд урилгаар шинжлэх ухааны доктор (ScD), профессор Б.Пүрэвтогтох оролцож “Уул уурхайн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц уншив.

2024 04 06b

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр тус сургуулийн геологи, геодези, эрдэс боловсруулалт, инженерчлэлийн болон уурхайн технологийн салбарын эрдэмтэн багш доктор, профессоруудаас гадна Багануур ХК-ийн Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, доктор Х.Хашбат, Техникийн бодлогын хэлтсийн дарга, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны магистр Т.Амарсанаа, Технологийн бодлогын хэлтсийн дарга Ч.Наранбат нар ажиллалаа.

2024 04 06c

Хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан ба нэгдүгээр шатанд Геодезийн салбар, Геологи, гидрогеологийн салбар, Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбаруудын хэмжээнд магистрын нийт 16, докторын 13 илтгэл хэлэлцүүлэгдэж, хоёрдугаар шатанд салбар бүрээсээ шилдгээр шалгарсан магистрын 5, докторын 7 оролцогч илтгэлээ хэлэлцүүлж оролцлоо.

Магистр оюутны түвшинд

  1. Тэргүүнбайр

    УТС-ын магистрант Б.Баярсайхан “Ухаа худгийн нүүрсний уурхайн тэсэлгээний ажлын оновчлол”

  2. Дэдбайр

    УТС-ын магистрант А.Сайнбилэг “Нүүрсний ил уурхайн нөөц авалтыг сайжруулан ашиглах боломжийн судалгаа”

  3. Гутгаарбайр

    ЭБИС-ын магистрант С.Агиймаа “Шүүхийн шийдвэр дээр үндэслэн үйлдвэрлэлийн ослыг төрөлжүүлэх, талуудын хариуцлагыг тогтоох судалгаа”

  4. Тусгайбайр

    УТС-ын Э.Золбоо “Далд уурхайн хэмжилтийн орон зай хязгаардлагдмал орчинд дэвшилтэт технологи ашиглах боломж, нарийвчлал” сэдвээр;

2024 04 06e2024 04 06f

Доктор оюутны түвшинд

  1. Тэргүүнбайр

    УТС-ын докторант О.Тэмүүл “Тэсэлгээний аргаар бал чулуунаас алмаз гарган авах боломжийн технологи”

  2. Дэдбайр

    УТС-ын докторант Н.Нэргүй “Уурхайн хүчиллэг урсцыг боловсруулах технологийн менежмент (Эрдэнэтийн-Овоо ордын зэсийн хүдрийн овоолгын жишээн дээр)”

  3. Гутгаарбайр

    УТС-ын докторант С.Ган-Очир “Улны чулуулгийн тогтворжилтыг ашиглан шороон ордыг далд аргаар ашиглах арга”

  4. Тусгайбайр

    ЭБИС-ын докторант Б.Элбэг “Экскаватор-автосамосвалын оновчтой хувилбарын судалгаа” сэдвээр тус тус шалгарав.

2024 04 06g2024 04 06h

Энэ удаагийн хурлын онцлох давуу тал нь хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтран зохион байгуулж, уурхайд, уурхайн инженер техникийн ажилчдад уул уурхайн асуудал шийдвэрлэсэн илтгэлүүдээ хүргэж ажиллах нь их чухал, өгөөжтэй байлаа. Мөн ахмад, туршлагатай профессоруудаасаа салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг эрэлхийлсэн илтгэлүүдийг сонсож байх “Профессорын үг” буланг уламжлал болгож байхаар шинээр эхлүүллээ.

Ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт магистр, доктор оюутнууддаа, удирдагч багш нарт нь, цаашид оролцохоор бэлтгэж буй нийт оюутнууддаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

2024 04 06j

Эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан “Багануур” ХК-ийн удирдлага, хамт олонд, хурлын зохион байгуулалтад хамтран ажилласан багш нартаа, шүүгч нарт талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

ГУУС, Эрдэм шинжилгээний алба