Арга хэмжээ рүү буцах

ШУТИС-ЫН ОЮУТНУУДАД “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Эхлэх
2022 оны арван нэгдүгээр сарын 17 13:21
e6700585b224c9a2d1f01fc2eb9606ea

ШУТИС-ЫН ОЮУТНУУДАД “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШУТИС-ийн оюутан, залуус, эрдэмтэн багш нартай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан мега төсөл, бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэхэд инженер, техникийн салбарынхны эрэлт, хэрэгцээ цаашид улам нэмэгдэхийг онцоллоо.

Хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологийн мэргэжилтэн, барилга, уул уурхай, авто, барилгын инженер, архитектур, геологич зэрэг мэргэжил эрэлттэй боловч хамгийн дутагдалтай байна. Ялангуяа, ирэх 10-20 жилд тээвэр ложистик, газрын тос олборлолт, баяжуулалтын инженерүүдийн эрэлт манай улсад үүснэ.

Ханги-Мандал тэргүүтэй экспортын шинэ гарцууд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Амгалан ДЦС-ын өргөтгөл, Тавантолгой цахилгаан станц, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон ажлын байр бий болно. Тиймээс ШУТИС-ийн оюутан залуус “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг, оролцоотой.

ШУТИС улс орны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн бодлогыг авч явах эрдэмтэн судлаачдыг бэлтгэн гаргах, энэ чиглэлд өндөр үр дүнтэй судалгаа, шинжилгээний бүтээл боловсруулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй сургууль. ШУТИС нь 11 бүрэлдэхүүн сургууль, Орхон, Өмнөговь аймагт харъяа сургуультай бөгөөд өнөөдрийн байдлаар 16 мянга гаруй оюутан суралцаж байна. “Коосэн” технологийн коллеж, гурван ахлах сургууль, нэг цэцэрлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр оюутан, залуус багш нар их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны кампус байгуулах, олон улсын жишигт нийцсэн дотуур байртай болох, багш, оюутнуудын хамтарч боловсруулсан төсөлд гарааны санхүүжилт олгох, ажлын байрны тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар саналаа хэллээ.